Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо 1000 мод тарьж, 1000 мод усаллаа

Админ

2026.05.09
Үйл явдлын мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүх нийтээр мод тарих өдрийг жил бүрийн хавар, намрын улиралд зохион байгуулдаг уламжлалтай. Амралтын энэ өдөр /2026.05.09/ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ дээр  хаврын бүх нийтээр мод тарих өдрийн нээлт боллоо. 


Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /СДМЭХ/ 2026 оны бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор /2026.05.09/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр 1000 мод тарьж, 1000 мод услан энэхүү үйл ажиллагааг түүчээлэн оролцлоо. 


СДМЭХ нь нийгмийн хариуцлагын хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн бодит үйл ажиллагааг өрнүүлж, гишүүдийнхээ идэвх санаачилгыг нэгтгэн ажиллахыг зорьдог.  Энэхүү үйл ажиллагаанд СДМЭХ-ны үе үеийн ерөнхийлөгчид, удирдлагууд гээд нийт 300 орчим идэвхтэн гишүүд оролцлоо. 


СДМЭХ нь уг санаачилгыг энэ жилээс эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон бүх нийтийн мод тарих өдрүүдээр холбооны гишүүдийн оролцоотойгоор мод тарих, арчлах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэд олон нийтийг эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд уриалах зорилготой юм.  
Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалж, нөхөн сэргээж, мод тарьж ногоон байгууламж бүтээх зорилготой Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ хаврын мод тарилтаар 30 гаруй байгууллага 500 гаруй иргэд мод тарих захиалга өгсөн бол  70 гаруй байгууллага хамт олон тарьсан модоо услахаар төлөвлөжээ. 2026 оны хаврын Бүх нийтийн мод тарилтаар цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр 10 000 орчим, ойжуулалтын хэлбэрээр 30 000 орчим мод тарихаар бэлдсэн байна. Одоогийн байдлаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбай дээр 30 төрөл зүйлийн 181 650 мод 97,8 хувийн ургалттай байна. 


Энэхүү хаврын Бүх нийтээр мод тарих өдрийн нээлтэд УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон НИТХ-ын төлөөлөгч нарын албаны хүмүүс хүрэлцэн ирсэн. Тарьсан модоо усалж арчилна гэдэг мод тарихаасаа илүү ач холбогдолтойг арга хэмжээнд оролцогчид онцолж байлаа.